Монгол оюутан бодлоор удирддаг дрон бүтээжээ

Монгол оюутан бодлоор удирддаг дрон бүтээжээ

Австрали дахь Монгол оюутан Борхүүгийн Билгүүн нь дэлхийн топ 50 сургуулийн нэг болох Күйнсландын их сургуулийн оюутан юм. Монгол улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа бөгөөд бакалаврт сурахын хажуугаар ямар амжилт гаргасан тухайг нь сонирхон ярилцлаа.

-Сайн байна уу. Австралийн Күйнсландын их сургуульд тэнцэхэд хэлний онооноос гадна ямар шалгуур голлосон бэ?

-Сайн байцгаана уу. Би 2015 онд Австралийн Брисбэн хот дахь Күйнсландын их сургуульд сурах урилга авсан. Энэ сургуульд бакалавраар сурах тул ерөнхий боловсролын дүн их чухал байсан. Австралийн ерөнхий боловсрол 12 жилийн сургалттай. Миний хувьд Монголд 11 жилийн сургалттай байхад ерөнхий боловсрол эзэмшсэн. Иймд 11 жилээ хэр төгссөн, дээр нь нэмээд Монголынхоо их дээд сургуулийн эхний 1 жилийн дүн ямар байгааг харгалзсан.

-Австралийн Бакалаврт сурах ямар санагдав?

-Цахилгаан болон компьютерийн инженер чиглэлээр давхар суралцаж байгаа. Компьютерийн хөгжил маш хурдтай өөрчлөгддөг.

Цахилгааных бол физикийн хуулийн дагуу л байна. Тэгэхээр хурдан хөгждөг салбарт хүн хурдан хоцрогддог юм шиг санагдсан. Монголд нилээн хоцрогдсон хичээл үзэж байсан юм болов уу гэж бодсон.

-Зарим хичээлээсээ сонирхуулбал?

-Би жижиг компьютерийг их сонирхдог юм. Хамгийн сүүлд бодлоор удирддаг дрон бүтээх төсөл дээр ажилласан. Хүний тархи нь цахилгаан сигналуудтай байдаг. Тэр сигналууд нь соронзон долгион үүсгэдэг. Долгионууд нь давтамжаараа өөр өөр зүйл илэрхийлдэг юм. Миний судалсан хэсэг болохоор духны төв хэсгээс чихний омог хүртэл 8 төрлийн сигнал хэмжиж аваад анхаарлаа төвлөрүүлж байна уу, тайван байна уу, үгүй юу гэдгийг тогтоож үүгээр нь дрон удирдах санаа боловсруулсан.

Энэ нь анхдагч болж чадах уу?

-Ер нь өөр техникүүд дээр ийм төрлийн бүтээлүүд байдаг. Яг дроныг бодлоор удирдаж байгаа нь анхных юм. Бас бакалаврын оюутны бүтээл гэдгээрээ анхдагч болсон. Ер нь бол дроноо бүтээхээс илүү удирдах нь хамгийн хэцүү байсан.

-Төслийн үр дүн хэр амжилттай байв?

Төсөл 90 гаруй хувийн үнэлгээ авсан.

Чиний судалж буй салбарт өөр шинэл туршилт юу байна?

-Салбарын хувьд гэвэл квант компьютер юм. Энгийнээр тайлбарлавал одоо ашиглаж байгаа компьютерийг төөрдөг байшингаас гар гэвэл нэг, нэг замыг туршиж үздэг. Харин квант компьютер бүх замыг нэг зэрэг бодоод хариуг гаргаж ирэх юм. Удахгүй хэрэглээнд нэвтэрвэл одоо бидний хэрэглэж байгаа компьютерууд утгагүй болно.

-Зорилгынхоо тухай хуваалцаач?

-Хамгийн эхний зорилго бол сургуулиа амжилттай төгсөх. Тэгээд Монголд очоод сурсан мэдлэгээ түгээе гэж зорьж байна. Угаасаа анх тэтгэлэг авахдаа би хэлж байсан надад нэг хүний тэтгэлэг өгснөөрөө би эргэж ирээд олон хүнд зааж өгч, тэтгэлгийн үр өгөөжийг түгээнэ гээд тэнцэж байлаа. Үүнээс гадна Антрактид тив дээрх дэлхийн дулаарлыг судалж буй судалгааны багт орж ажиллахыг хүсдэг дээ. Цаашилбал доктор болон бусад чиглэлээр үргэлжлүүлэн сураад л байхыг бодож байна даа.

-За амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд баярлалаа

admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *